Saturday, May 4, 2013

Эмийн багваахай цэцэг



Монгол нэр: Эмийн багваахай цэцэг
Орос нэр: Одуванчик лекарственный
Латин нэр: Taraxacum officinale Wigg.

Эмийн багваахай гэгч алтан шаргал өнгөт энэ цэцэг нь нарны бүх л илчийг өөртөө шингээсэн гэлтэй. Өдийд яг л шар алаг хивс шиг хээр талыг битүү бүрхсэн байдагсан. Багачууд түүнийг амандаа хийж “аабан-бээбэн” гэж тоглодог болохоороо энэ нэрээр нь андахгүй сайн мэддэг. Харин шинжлэх ухааны латин нэр нь Taraxacum officinale. Энэ цэцэг нь олон талын эмчилгээний увидастай болохоор хүн төрөлхтний түүхийн бүхий л үед эмч домч, оточ, маарамба нарын анхаарлыг татаж ирсэн. Хаврын хамгийн анхны цэцгүүдийн нэг болох энэ ургамлын гайхамшигт чанаруудын талаар өгүүлье.

Энэ ургамлыг бүхэлд нь зуны турш хүнсэнд болон эмчилгээнд хэрэглэж болдог. Нялх навч, найлзуурууд нь газар дороос цухуйж ирэнгүүт л хоолондоо аминдэмт салат болгохоор айж болгоомжлолгүйгээр түүж эхлээрэй. Залхууралгүй нялх ногоо түүсэн хүмүүст хувь болж B1, B2, C аминдэмүүд, каротин, фосфор, төмөр, кобальт, бусад эрдэс бодисууд ирнэ. Дашрамд хэлэхэд, ашигт бодисуудынхаа тоогоор багваахай цэцгийн навчис нь бидний хичээнгүйлэн тарьж, арчилж, ургуулдаг ямар ч зираа (салат), бууцайг (шцинат) араасаа дагуулахгүй. Ганц хэцүү юм нь нилээн гашуун, 20-30 минут давстай усанд дэвтээснээр багваахайн амтыг харин засч болно. Дараа нь угааж хэрчээд, ногоон сонгино, яншуй, зорхдос юмуу цуугаар амтлан, ургамлын тос хийхэд зууш бэлэн болно. Ийм салат нь аминдэмүүдийн дутагдлыг ч нөхөж, цус багадсаныг ч төлжүүлж өгч, эрч хүч ч нэмнэ. 
Багваахай цэцгийн талаар профессор Яременко “Хэрхэн эрүүл болох вэ” номондоо энэхүү нарны цэцгийн талаар: “Дасан зохицуулах үйлчилгээтэй, хоол боловсруулах замын ажиллагааг зохицуулж, цөс туух, шээс туух, туулгах чанартай” – хэмээн бичсэн байдаг. Багваахай цэцгэнд агуулагдах амьдралын эрч хүчийг ашиглахын тулд 2 хоолны халбага жижиглэсэн үндэс дээр стакан ус хийж хагас цаг усан банн дээр халаана. Эсвэл 10 минут зөөлөн гал дээр буцалгаад, дараа нь 2-3 цаг идээшүүлж болдог. Өдөрт 2-3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1\3-ээр ууна. Амьдралдаа ядаж ганц удаа энэ цэцгийг тасдаж үзсэн хүн лав түүнийг ямар өтгөн, наалдамхай сүүн шингэн ялгаруулдгийг санаж байгаа. Энэхүү даруухан хог ургамал каучукт ургамлын ангид багтдаг, өөрөөр хэлбэл каучук хийж болох бодисууд агуулдаг болохоор шүүс нь наалданги байгаа юм. Түүнээс гадна цагаан шүүсэнд нь цөс ялгаруулалтыг дэмжиж, бодисын солилцоог болон эрхтэн тогтолцоог бүхэлд нь сэргээдэг маш чухал хүнсний гашуун бодис агуулагддаг. Тийм болохоор багваахай цэцэг элэг цөснөөс гадна хоол боловсруулах эрхтнүүд өвдөхөд тустай. Инулин хэмээх бодис агуулдаг болохоор чихрийн шижинд ч мөн сайн. “Чихрийн шижинг хазаарлах нь” номондоо Людмила Захарова доорхи хольцуудыг хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Нэрсний навч – 25 гр
Халгай – 25 гр
Багваахайн навч – 25 гр
Хоолны халбага хольц дээр 800 мл буцалсан халуун ус хийж 15 минут буцалган 5-10 минут идээшүүлээд, шүүнэ. Өдөрт 2-4 удаа тус бүр 2-3 хоолны халбагаар юм идэхээсээ 20 минутын өмнө уудаг. 
Багваахайн навч – 20 гр
Бөлжиргөний (ежевика) навч – 10 гр
Батрашийн (мята перечная) навч – 5 гр
Үхрийн нүдний навч – 15 гр
Хоолны халбага хольц дээр 200 мл буцалсан халуун ус хийж 5 минут буцалгаад 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3 удаа юм идэхийнхээ өмнө 2-3 хоолны халбагаар ууна. 

Багваахайн цэцгийн үндсийг 9-р сарын дундуур түүж базаахад тохиромжтой. Түүний шүүс нь л хамгийн чухал болохоор шороог нь сэгсэрч угаах гэж яарахын хэрэггүй. Үндсийг сэврээж байгаад, дараа нь сойздон усаар угаадаг. Угааснаасаа 1 хоногийн дараа үндсийг жижиглэж болно. Түүнийг судас тосто хатуурахад (атеросклероз), цус цэвэрлэж, тамижуулах гэж хэрэглэж болно. Халуун саванд хандалж болно. 1 хоолны халбага дээр 1 стакан буцалсан халуун ус хийж 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3-4 удаа стаканы 1\4-ээр хүйтнээр нь ууна. Үндсийг хуурай хайруулын таваг дээр хуурч болгоод, кофе бутлагчаар тээрэмдэн энгийн кофе шиг ууж бас болно. 


Багваахай цэцгийн шинэ шүүсийг их шүүдэргэний шүүсний нэгэн адил хүмүүс үү, мэнгэ, сэвх арилгахад хэрэглэдэг.

Навч болон нар шиг цэцэг нь хүнсний үнэт бүтээгдэхүүн. Аминдэм, эрдэс бодисууд, гашуун бодис, инулинаас гадна шингэц сайтай ургамлын уураг агуулдаг. Цагаан өдөөр бүрхэгдэж амжаагүй цэцэгс нь дөнгөж саяхан төрөлх өндөгнөөсөө гарсан нялх тахианы дэгдээхийтэй яагаад их адилхан харагддаг тухай хэн нэг нь бодож үзсэн үү? Бас л санамсаргүй биш юм байна. Каротины төрлийн лутеин хэмээх нүдний хүүхэн хараа хэвийн ажиллахад маш чухал бодис цэцэгт өндөгний шарын адил тод шар өнгө оруулдаг. Тиймээс багваахай цэцэг нүдний хараанд тустай болохоор нарлыг цэцэгсийн хажуугаар тоолгүй өнгөрсний хэрэггүй.


Тэгээд эцэст нь хомхой долоосныг эмчлэх ардын жор өгье. Уруул, хамар дор үсэрхийлэн гардаг цэврүү шиг зүйлүүдээс салахын тулд багваахай цэцэг ургаж байгаа үеийн туршид долоо хоногт 1 удаа 7-10 цэцгийн шар толгойг ногооноос нь салган идэж байгтун. Чихэрлэгдүү, бал шиг үнэртэй болохоор нь зөгийнүүд тэдгээрт их дуртай байдаг. Ийнхүү нэг курс цэцгэн эмчилгээ хийсэн хүмүүс өнөөх үсэрхийлдэг заваан зүйлсийнхээ тухай удаан хугацаагаар мартдаг хэмээн ярилцдаг. 

Ардын эмчилгээнд багваахайг хэрэглэдэг олон жор бий.

Ø Эдгэрч өгдөггүй шарх, арьсны зарим өвчинд багваахай цэцгийн тосыг хэрэглэнэ. Түүнийг хийхийн тулд нартай өдөр багваахайн шаргал цэцэгсийг сүүт ишний хамт түүж няцлаад, шилэн савны дунд нь хүргэж, дараа нь цэвэршүүлээгүй ургамлын тосоор дүүргэдэг. Амсрыг нь самбайгаар боож наранд тавина. 21 хоноход тос бэлэн болдог.

Ø Хоол боловсруулалт муу, өтгөн хатдаг бол түүнээс юм идэх болгоныхоо өмнө хоолны халбагаар ууна. Элэгний цөс ялгаруулах замын өвчинд, байнга өтгөн хатахад, намарсанд (экзема) тосноос ууж, өвчтэй газраа тос шингээсэн маалинган даавууны өөдөс тавьж эмчилдэг.

Ø Жижиглэн хатаасан үндэсний хуурай нунтгийг бие махбодиос илүүдэл холестерин гадагшлуулахын тул судас тостон хатуурах өвчинд хэрэглэнэ. Юм идэх болгоныхоо өмнө тус бүр 5 гр хуурай нунтгийг тогтмол идэж байх юм бол 6 сарын дараанаас бие дээрдэж ирэхэд хангалттай байдаг.

Ø Тунгалгийн булчирхайн үрэвсэлтэй бол ургамлын газар дээрх хэсэг болон үндсийг няцлан, маалинган даавууны өөдсөн дээр өвчтэй газраа тавьж унтах, хатаасан үндэсний ханд уулгах хэрэгтэй. 10 гр үндсийг 200 мл буцалсан усанд хийж, шөнөдөө идээшүүлэн хононо. Өдөрт 3 удаа юм идэхээс 15 минутын өмнө стаканы 1\3-ээр уудаг. 


Ø Намарс, арьсны үрэвсэл (дерматит), эвэрлэг эсийн үрэвсэл (кератит), зовхины үрэвсэлд (блефарит) 2 хоолны халбага багваахай цэцгийн үндэсний хуурай нунтаг болон адил хэмжээний даливсын (лопух) үндэсний нунтаг дээр 400 мл буцалсан хүйтэн ус хийж хонуулна. Өглөө нь 20 минут усан банн дээр буцалгаад, хөргөж шүүдэг. Өдөрт 3 удаа юм идэхээсээ 15 минутын өмнө тал стаканаар ууна. Үүний зэрэгцээ өвчтэй газрууддаа доорхи жороор бэлдсан тосон түрхлэг түрхдэг. 2 хоолны халбага даливсны нунтаг үндэс, 4 хоолны халбага 5 сарын (ААБ: Монголын нөхцөлд 6 сарын хураалтын) зөгийн бал, 1 хоолны халбага ямааны өөхөн тосыг сайн гэгч нухаж хутгаад, 10 минут усан банн дээр халаагаад, буцалгалгүй авна (ямааны тосыг л хайлуулахын тулд). Дараа нь түрхлэгийг 3 хоног дулаан газар идээшүүлдэг. 

Багваахай цэцгийн эмчилгээний чанарыг Австри улсын нэрт оточ Мария Требен их өндрөөр үнэлдэг. “Энэхүү ургамал нь цөсний зам болон элэгний өвчинд маш тустай хоёр онцгой чанартай, цөсний сүв, элэгний өвчинд тус болдог” – хэмээн тэрбээр бичсэн байдаг.

Жишээ нь элэг эмчлэхийн тулд ургаж байх бүхий л хугацаанд өдөр бүр 10 цэцэгний толгой идэж байхыг зөвлөдөг. Байнга ядарч, сульдаж байдаг бие султай хүмүүс 14 хоног цэцгийг толгойн курс эмчилгээ хийх ёстой. Багваахай цэцгийн цай ууж байх нь тэдэнд тустай. 1 цайн халбага дүүрэн үндэс дээр унтахдаа 1\4 л хүйтэн ус хийж маргааш нь буцалгаад, шүүнэ. Бэлэн болсон цайг өглөөнийхөө цайнаас 30 минутын өмнө болон цай унднаасаа 30 минутын дараа оочилж уудаг.

Багваахай цэцгийн сироп
4 атга дүүрэн цэцгэн дээр хүйтэн ус хийж буцалгаад гал дээрээс авч тэр чигээр нь хонуулна. Маргааш нь шүүж цэцгийг нь хоёр гараараа сайн базаж мушгиад, шүүсэнд нь 1 кг элсэн чихэр, бага зэрэг исгэлэн амч оруулахын тулд тал нимбэг зүсч хольдог. Аминдэмийг нь хадгалахын тулд зөөлөн гал дээр халааж, буцалгахгүй ууршуулна. Сайн өтгөрүүлэхийн тулд 1-2 удаа хөргөх хэрэгтэй. Хэт өтгөн болох юм бол чихэр нь талстжиж, хэт шингэж бол шингэн нь исэж мэднэ. 

Багваахай цэцгийн дарс
500 ш цэцэг дээр 1,5 л булгийн ус хийж шилэн буюу вааран савын s дүүргэн ёроолд нь исгэгчээр барьсан зүсэм талх хийж, исэхэд нь гарсан хийг буцаж шил рүү оруулахгүйн тулд гадагш нь гуурс гаргасан тагаар таглаад үзүүрийг нь устай саванд дүрнэ. Хоёр сар исгэсний дараа дарс бэлэн болдог. Шаарыг нь шүүж, хув шиг өнгөтэй шингэнг шилэн лонхонд савладаг. Багваахай цэцгийн нарны элч сульдсан бие махбодид тамир тэнхээ оруулж, олон өвчнийг эмнэнэ. 

Багваахай цэцгийн бал
500 ширхэг цэцгийг гэрэлтэж харагдахааргүй зузаан элсэн чихэртэй үелэн хийж, 2 долоо хоног сайн тагласан саванд (эс бөгөөс цэцэгний анхилуун үнэр нь арилна) наранд тавьдаг. Ийм эм өвөл танай гэр бүлийг хоолой өвдөх, ханиад томуу хүрэхээс аварна.

Багваахай цэцгийн толгойг хавар анх бөөнөөр нь цэцэглэх үеэр түүнэ. Нийт 350 цэцэг. Угааж, 1 л ус хийгээд, зөөлөн гал дээр 1 цаг чанадаг. Дараа нь шүүгээд, цэцгийг нь хаяж, ногоон ханд дээр нь 1 кг элсэн чихэр хийн бас 1 цаг буцалгана. Чанаж дуусахаасаа 15 минутын өмнө 1 нимбэгний шүүс шахаж хольдог.

Wednesday, August 1, 2012

Шар луувангийн ач тус

Шар лууван
Лууванд А аминдэм их учир хүний биеийн эсэргүүцлийг дээшлүүлж нүдний хараанд сайн талтай. Ялангуяа хүүхдэд маш сайн тэжээл болдог. Лууванг түүхий хэрэглэх нь маш ач тустай. Намар шинэ шар луувангийн нухаш буюу салат ихээр идэж, луувангийн жүүс ууж байвал хүн бүтэн жилийнхээ А аминдэмийг олж нөөцөлдөг гэдэг. Ер нь түүхий ногоо, жимсийг угаахдаа давстай буюу нимбэгний хүчил хийсэн усанд 10 орчим минут байлгахад ногоо, жимсний бактер бүрэн устдаг юм.  
"ВЕГАН хоолны 40 алтан жор" номноос

Үхрийн нүдний ач тус



Үхрийн нүд нь биологийн идэвхит төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс юм. Жимсний шүүс нь гэдэсний элдэв нян үүсгэгчийг үхүүлж гэдсийг халдвараас бүрэн цэвэрлэдэг юм. Үхрийн нүдний шинэхэн ба хатаасан жимсийг амин дэм дутагдах, цус багадах, хоолой сөөх, ядрах турах, гэдэс үрэвсэх үед хэрэглэнэ. Мөн нүдний хараа муудахаас сэргийлж хараа сайжруулж, харанхуйд харах чадварыг нэмэгдүүлнэ. Нүдний ядаргааг бүрэн арилгана. Тархины үйл ажиллагааг дэмжин, цусан хангамжийг сайжруулан хөгшрөлтийн явцыг удаашруулна. Үхрийн нүдний навч нь бөөрний үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ түүний усан ханд чанамалыг усан хаван буулгах, давсаг чулуужих зэрэг өвчний үед уух нь өндөр үр ашигтай. 
"ВЕГАН хоолны 40 алтан жор" номноос...